САЙН АЗАРГАНЫ ШИНЖ

6/11/2019 4:20:11 PM

Бүлтгэр том нүдтэй, хүрэн зүсмийн, олон морины дунд зоригтой, бартаатай зам, салхи шуурганд тэсвэртэй, хамрын нүх нь том амьсгал сайтай, тайван чөлөөтэй байвал уушги сайтай, чих нь угаараа бүдүүн, үзүүр рүүгээ нимгэн, шовх босоо бол жижиг бөөртэйн шинж бөгөөд ийм адуу сонор сайтай байдаг аж. Мөн хэл нь нимгэн урт, ухаа өнгөтэй бол жижиг элэгтэйн шинж буюу ийм элэгтэй адуу хөнгөн хөлтэй, хурдан ажээ.

Магнай эрүү өргөн, шүд нь нягт, цөгц нь дүүрэн, буйл нь хатингар, хоншоор нь өргөн, аман хүзүү нь бүдүүн, судас шөрмөс ил тод, мундаа сэрвээ нь өндөр, гурван овоо нь  тэнцүүхэн, зоо нуруу бөгтөртэй, цээж өргөн бөгөөд гүн, аарцаг яс их, хошного гүн, сүүлний годон урт, дөрвөн хөл бүдүүн, эгц, хойд хөл нь урд хөлийн мөрөөс өмнө гишгэх, туурай нь цомбон бөгөөд зузаан, хавирганы матаас их, сүвээний хавирга ба ташаан толгойн зай нь бага, үс нь богино, шээхдээ хол цоргидог, сүүл нь өтгөн, дэл нь босоо бол сайн байдаг.

            Хоёр бөөсөг (засаа) тэгш, халуун байвал төл сайтай, тэгш биш хошуутай нь сайн, мохоо мөлгөр бөөсөг муу гэдэг.

            Хонгор дуутай азарганд холоос байдас ирнэ гэдэг учраас урьхан хонгор дуутай үрээ сонгоно, харин гахайн царгиа дуутай үрээгээр азарга тавихгүй. Идэж уух нь их ч бааж шээх нь бага, хомоол жижиг, хатуу бол азарга тавих сайн.

            Номхон дөлгөөн, үргэж хальсах нь бага, ижилдээ ээлтэй үрээгээр азарга тавьдаг.

            Зарим хашир малчин сонгосон үрээндээ хайч хутга хүргэдэггүй, им тамга тавьдаггүй, унаган дэлийг нь үлдээн тавьдаг.

   Зургийг Бат Амьдралын сан хөмрөгөөс          

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016,  106-р тал 

 


Сэтгэгдэл оруулах




Baagii [202.126.88.184] 6/12/2019 9:36:26 PM

Huren zustei boluul saint balkh uu hahaha